Questo sito utilizza cookies tecnici (necessari) e analitici.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookies.

МИКЕЛАНЖЕЛО ПИСТОЛЕТТОГИЙН “ГУРАВ ДАХЬ ДИВААЖИН” УЛААНБААТАР ХОТНОО

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг тохиолдуулан Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамны санаачилгаар хэрэгжүүлсэн нэгэн сонирхолтой урлагийн төсөл энэ наймдугаар сарын 23-нд нээлтээ хийхэд бэлэн боллоо. Уг төслөөр  Италийн алдарт уран бүтээлч Микеланжело Пистолетто болон Монголын уран бүтээлч Төрбатын Баттогтох нарын хамтарсан уран бүтээлийг танилцуулах бөгөөд уг бүтээл нь урлаг, байгаль хоёроор дамжуулан “Энх тайвныг урьдчилан цогцлоохуй” хэмээх үзэл санааг илэрхийлж буй ажээ.

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 23

Микеланжело Пистолеттогийн “Гурав дахь Диваажин” хэмээх нэн орчин үеийн урлаг нь Т.Баттогтохын бүтээл болоод байгаль орчны нөхөн сэргээлтийг уриалсан агуулгатай уялдан Улаанбаатар хотноо байнгын бүтээл болж сүндэрлэлээ.

Уг төслийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Пистолетто–Читтаделларте сантай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Микеланжело Пистолеттогийн “Гурав дахь Диваажин” дүрс тэмдэг болон Төрбатын Баттогтохын Narrow Path буюу “Нарийн зам” уран бүтээлийн эрэл хайгуултай нэгдсэн хамтарсан уран бүтээл юм. Төслийн куратороор Франческо Стокки ажиллав.

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг-Очир нар уг төслийэ нээлтийг 2026 оны наймдугаар сарын 23-ны ням гарагт Улаанбаатар хотноо хийх гэж байна

Уг уран бүтээлийн нэг хэсэг болох “Гурав дахь Диваажин” дүрс тэмлэг бүхий бүтээл нь Математикийн хязгааргүйн тэмдгийг шинэчлэн дүрсэлснээр үүсэж, байгаль ба хүний бүтээсэн орчин, дурсамж ба ирээдүй, уламжлал ба шинэчлэлийн тэнцвэрийг эрэлхийлэхэд тулгуурласан хүн төрөлхтний хөгжлийн шинэ үе шатыг илэрхийлж буй ажээ.

Энэхүү төслийн хүрээнд уг дүрс тэмдгийг цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол нутагт өргөн тархсан бутлаг ургамал болох чацарганы модыг тарих замаар хэлбэржүүлж байна. Эдгээр модод нь өөрөө урлагийн бүтээлийн нэгээхэн хэсэг болохын зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээх тус бэлгэдлийг бодит үйл хэрэг болгон хувиргаж буй явдал юм. Мөн тус бүтээл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оруулах хувь нэмэр болж буйгаараа онцлогтой.

.Баттогтох нь Монголын нүүдэлчдийн түүх, соёлын ул мөрийг өөрийн бүтээлдээ илэрхийлэхдээ ихэвчлэн төмөр болон таван хошуу малын далны ясыг ашигладаг.

Энэхүү төслөөр хоёр уран бүтээлчийн үзэл санаа нэгдэж, хүн төрөлхтний хамтын хариуцлага, харилцан ойлголцол, нийтлэг үнэт зүйлсийг илэрхийлэх дундын орон зайг бий болгожээ.

Тэдний хамтарсан бүтээл нь ялгаатай талууд бие биетэйгээ сөргөлдөх бус, харин зэрэгцэн орших шинэ боломжуудыг бий болгож буй нэгэн төрлийн дундын орон зайг төсөөлөхөд бид бүхнийг урин дуудаж байна. Энэ бол “Энх тайвныг сахихуй” юм.

Төслийн куратор Франческо Стокки:

“Бид Монголд зүгээр нэг байрлуулах бус, харин энэ нутаг, түүний соёлын өвөрмөц онцлогтой харилцан уялдаж, эндээс урган гарах бүтээлийг бий болгохыг зорьсон. Энэхүү санааг илэрхийлэх түгээмэл хэл нь Микеланжело Пистолеттогийн ‘Гурав дахь Диваажин’ байлаа. Т.Баттогтохын уран бүтээлтэй нэгдсэнээр Пистолеттогийн нийтлэг дүрс тэмдэг Монголын нүүдэлчин соёлд гүнээ шингэсэн материал, уламжлал, мэдрэмжтэй харилцан холбогдож байна. Ялгаатай байдлыг үгүйсгэх бус, харин тэдгээрийн харилцан солилцоо, шүтэлцээг бий болгосноор уран бүтээл шинэ утга агуулгатай болж, өөрийг нь хүлээн авч буй газар нутгийн салшгүй хэсэг болж чадна” хэмээн онцлов.

Элчин сайд Жованна Пиккаррета:

“Энэхүү бүтээл нь хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болж Монгол Улсад мөнхөд үлдэнэ. Мөн энх тайван, олон талт хамтын ажиллагаа, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж буй бидний хамтын хүчин чармайлтын гэрч болохын зэрэгцээ түүхийн арвин өвөөр онцлог хоёр улсын гоо зүй, соёл, уламжлалын үнэт зүйлсийг эрхэмлэх нийтлэг мэдрэмжийг илэрхийлнэ” хэмээн нэмж хэллээ.

Төслийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран, Пистолетто–Читтаделларте сантай хамтран хэрэгжүүлэв. Тус сангийн захирлаар Паоло Налдини, төслийн зохицуулагчаар Франческо Саверио Терузци ажилласан бөгөөд Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей (төслийн менежер Жадамбаагийн Дархижав), МИАТ ТӨХК болон Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэмжин оролцов.

НАМТАР

Микеланжело Пистолетто

Уран бүтээлч, зураач, барималч Микеланжело Пистолетто нь олон улсын нэн орчин үеийн урлагийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд “Арте Повера” урсгалын тэргүүлэх уран бүтээлч юм. Тэрээр 1990-ээд онд Италийн Биелла хотноо Пистолетто–Читтаделларте санг байгуулж, урлагийг нийгмийн олон салбартай идэвхтэй харилцан уялдуулах үйл ажиллагааг эхлүүлсэн.

Тэрээр байгаль ба хүний бүтээсэн орчны шинэ тэнцвэр, ирээдүйн төлөөх хамтын хариуцлагыг бэлгэдсэн, математикийн хязгааргүйн тэмдгийг шинэчлэн дүрсэлсэн “Гурав дахь Диваажин”-г санаачлагч юм. Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшиж байсан бөгөөд Венецийн Биенналиас олгодог Насан туршийн уран бүтээлийн “Алтан арслан” шагнал, Урлагийн салбарын Вольф сангийн шагнал, уран зургийн Премиум Империале зэрэг олон улсын нэр хүндтэй шагнал хүртжээ.

Төрбатын Баттогтох

1972 онд төрсөн Турбатын Баттогтох нь ясаар бүтээсэн баримал, өрөг урлагийн бүтээлүүдээрээ олон улсад танигдсан Монголын уран бүтээлч юм. Түүний уран бүтээлийн судалгаа нь оршихуйн эмзэг байдал, хүн ба байгалийн харилцаа, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах зэрэг сэдвийг хөндөхийн зэрэгцээ Монголын нүүдэлчин соёл, уламжлалтай нягт холбоотой байдаг.

Түүний онцлох бүтээлүүдийн нэг болох Judgement буюу “Шүүлт” нь дахин ашигласан 800 хонь, ямааны далны ясаар бүтээсэн өрөг урлагийн бүтээл юм. Уг бүтээлд далны ясыг амьдралын түр зуурын мөн чанар болон байгалийн өмнө хүлээх хүн төрөлхтний хариуцлагын зүйрлэл болгон хувиргажээ.

Тэрээр Монгол Улс болон Лондон, Варшав, Сөүл, Тайбэй зэрэг хотод бүтээлээ дэлгэн үзүүлж, Монголын Урчуудын Эвлэлийн “Манлайлагч уран бүтээлч” шагнал зэрэг олон шагнал, хүндэтгэл хүртсэн.

Франческо Стокки

Франческо Стокки нь Италийн куратор, урлаг судлаач бөгөөд нэр хүндтэй музейн байгууллагууд болон олон улсын үзэсгэлэнгийн төслүүдэд ажиллаж ирсэн. Түүний судалгаа нь орчин үеийн урлагийн практик, уран бүтээл, орон зай,  нийгмийн орчин хоорондох харилцаанд голлон чиглэдэг.

Тэрээр 2012–2023 онд Роттердам хотын Бойманс ван Бёнингений музейд куратороор ажиллаж, Сан Паулогийн 34 дүгээр биенналь болон 2022 оны Венецийн биенналийн Швейцарын павильоныг хамтран кураторласан. 2023 оноос 2026 оны зургаадугаар сар хүртэл Ром хотын MAXXI музейн уран сайхны захирлаар ажиллажээ. Урлагийн шүүмжлэгч, зохиогчийн хувиар Artforum сэтгүүлтэй хамтран ажиллаж, Il Foglio Arte хэвлэлийг удирдаж байсан.