Визний тухай мэдээлэл
Чухал анхааруулга
- Виз мэдүүлэгч бүр мэдүүлгийн маягтыг бүрэн бөглөж, гарын үсгээ зурах шаардлагатай бөгөөд нэмэлтээр ирүүлсэн бүх баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хувийн мэдээллээ гуравдагч этгээдтэй хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
- 2024 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн Итали Улсын/ЕХ-ны иргэдийн гадаад гэр бүлийн гишүүн Итали Улсад байнга оршин суудаг гэр бүлийн гишүүнтэйгээ эргэн нэгдэх, “гэр бүлтэйгээ эргэн нэгдэх”-ээр Итали руу зорчих гэж байгаа хүмүүс гэр бүлийн зорилго бүхий (“D” төрөл – 365 хоног – олон удаагийн орох эрхтэй) үндэсний виз хүсэх шаардлагатай болно. Энэ зорилгоор Цагаачлалын нэгдсэн цонхны (SUI) зөвшөөрөл шаардагдахгүй болно. Энэхүү заалт нь зөвхөн 2007 оны Хууль тогтоох 30-р тогтоолын 2-р зүйлд тодорхойлсон гэр бүлийн гишүүдэд хамаарах болохыг анхаарна уу. Үүнд эхнэр нөхөр, (ижил хүйсийн) иргэний холбооны бүртгэлтэй гэр бүлийн хүн, тэдгээрийн 21-ээс доош насны өөрийн/эсвэл асаргаанд байдаг/үрчилсэн хүүхэд, өөрийн эцэг эх (эхнэр/нөхрийн болон (ижил хүйсийн) иргэний холбооны бүртгэлтэй гэр бүлийн хүний эцэг эх, өвөө эмээ) хамаарна. Итали Улсад ирсний дараа гэр бүлийн гишүүн нь үндэсний нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш ажлын 8 хоногийн дотор “гэр бүлийн зорилго” бүхий оршин суух зөвшөөрөл хүсэн өргөдөл гаргах ёстой болно.
- Виз мэдүүлэгч нарт “дөт зам”-ыг санал болгож, визний мэдүүлгийн шийдвэрийг хурдан гаргуулж эерэг хариуг урьдчилан амладаг агентлаг эсвэл хувь хүмүүст итгэхгүй байхыг зөвлөж байна. Элчин сайдын яамны визний хэсгийн орон нутгийн нэг ч ажилтан виз олгох болон визний мэдүүлэг дээр шийдвэр гаргах эрх мэдэлгүй юм. Элчин сайдын яам нь өөрийн байрнаас гадуур төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг хүмүүстэй ямар ч холбоогүй. Визний мэдүүлэгтэй холбоотой бүхий л шийдвэрийг Элчин сайдын яам зөвхөн өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргадаг. Шан харамжийн үндсэн дээр виз мэдүүлэх ажлыг хөнгөвчлөх үйлчилгээ санал болгож байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг Элчин сайдын яаманд мэдэгдэхийг хүсье. Мөн цаг захиалах нь ямарваа үнэ төлбөргүй болно.
БОГИНО ХУГАЦААНЫ (90 ХОНОГ ХҮРТЭЛХ) ВИЗНИЙ МЭДҮҮЛГИЙН МАЯГТ – Визний мэдүүлгийн маягт нь үнэгүй болно.
УРТ ХУГАЦААНЫ (90 ХОНОГООС ДЭЭШ) ВИЗНИЙ МЭДҮҮЛГИЙН МАЯГТ – Визний мэдүүлгийн маягт нь үнэгүй болно.
ТА ИТАЛИ УЛС РУУ ЯВМААР БАЙНА УУ? ТАНД ВИЗ ХЭРЭГТЭЙ БОЛНО!
Та хэрэгцээндээ нийцсэн зөв төрлийн визээ сонгох, визээ хаана мэдүүлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, өөр өөр төрлийн визийг хэрхэн зөв ашиглах болон өөрийн эрх үүргийн талаарх дараах мэдээлэл, заавартай танилцана уу.
1.ЗОРЧИХ ЗОРИЛГОДОО НИЙСЭН ЗӨВ ВИЗНИЙ ТӨРЛӨӨ СОНГООД, ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ЯМАР БИЧИГ БАРИМТ ШААРДАГДАХ БОЛОХЫГ ҮЗНЭ ҮҮ. ХЭВЭР ТА ИТАЛИ УЛС РУУ ДАРААХ ЗОРИЛГООР ЗОРЧИХ БОДОЛТОЙ БАЙГАА БОЛ …
Бусад төрлийн виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтыг mongolia.consolare@esteri.it цахим шуудангийн хаягаар лавлана уу.
Бүрдүүлэх бичиг баримтын талаарх мэдээлэл агуулсан өөр нэгэн хувилбар бүхий https://vistoperitalia.esteri.it/ цахим хуудсаар зочлоно уу.
2. БИОМЕТРИК МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ТУХАЙ (ВИЗНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ)
Виз мэдүүлэгч бүр визээ мэдүүлэхдээ биечлэн ирж, визний мэдүүлэг болон биометрик мэдээллээ хүлээлгэн өгөх шаардлагатай. Энэхүү ажиллагаа нь энгийн бөгөөд хэдхэн минут л шаардана. Биометрик мэдээллийг дээд тал нь 59 сар хүртэл хугацаанд хадгална.
Хурууны хээний мэдээллээ өгөх шаардлагаас хязгаарлагдмал тооны виз мэдүүлэгч нарыг чөлөөлдөг болно. Үүнд 12-оос доош насны хүүхэд, бие физиологийн хувьд хурууны хээний мэдээллээ өгөх боломжгүй хүмүүс багтана. Түүнчлэн, төрийн айлчлалын хүрээнд төрийн тэргүүн, засгийн газрын гишүүд, айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа бусад албаны хүмүүс болон тэдгээрийн эхнэр/нөхөр дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.
Итали Улсын үндэсний виз (“D” төрөл) мэдүүлэхэд хурууны хээний мэдээлэл өгөх шаардлагагүй болно.
3.ВИЗНИЙ МЭДҮҮЛГЭЭ МОНГОЛ УЛСАД ХААНА ГАРГАХ ВЭ?
Виз мэдүүлэх цагаа дараах холбоосоор орж захиална. https://prenotami.esteri.it/
Консулын хэлтэс нь Даваагаас Баасан гарагийн хооронд 9:30 цагаас 17:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй байх бөгөөд виз мэдүүлэх цагаа өглөөгүүр 9:30 цагаас 13:30 цагийн хооронд товлодог. Элчин сайдын яаманд зөвхөн визний цаг захиалсан байж нэвтрэх бөгөөд виз мэдүүлэгч нар цаг захиалсан баримтаа хэвлээд цамхаг руу болон Элчин сайдын яам руу орохдоо хамгаалалтын ажилтанд шалгуулж орно.
Улаанбаатар дахь Итали Улсын Элчин сайдын яамны хаяг:
ICC цамхаг, 14 давхар
Жамъян гүний гудамж, 9
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Улаанбаатар хот, 14240, Mongolia
Утас: +976 7555 1723, +976 7555 1724 дотуур дугаар 5003 эсвэл 5004
Цахим шуудангийн хаяг: mongolia.consolare@esteri.it
4.ХЭН ВИЗ МЭДҮҮЛЖ БОЛОХ ВЭ?
Үндэсний (“D” төрлийн) болон Шенгений (“С” төрлийн) визний мэдүүлгийг зөвхөн Монгол Улсын иргэд гаргаж болно. Түүнчлэн Монгол Улсад хууль ёсны дагуур оршин суудаг, виз авах шаардлагатай улс орны (жагсаалтыг эндээс харна уу) бүх иргэд Үндэсний (“D” төрлийн) болон Шенгений (“С” төрлийн) виз мэдүүлэх боломжтой.
Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид:
Хоёр талын хэлэлцээрийн дагуу дипломат паспорт эзэмшигч Монгол Улсын нийт иргэд визний шаардлагаас чөлөөлөгдөж, аливаа 180 хоногийн хугацаанд дотор дээд тал нь 90 хүртэлх хоног зорчиж болно.
ЕХ/ЕАЭА-ийн иргэдийн гэр бүлийн гишүүд:
Эрх зүйн зохицуулалтын дагуу (2004/38/CE Захирамж ба Итали Улсын хууль тогтоох 2007 оны 30-р тогтоол) ЕХ/ЕЭЗБ-ийн иргэдийн гэр бүлийн гишүүдэд зориулсан хялбаршуулсан горимыг тусгасан байдаг.
Италийн Улсын Элчин сайдын яамны консулын хэлтэс нь ЕХ/ЕЭЗБ-ийн улс орны гэр бүлийн гишүүдийг (ЕХ-ны 2004/38/CE захирамжид тодорхойлсон хүмүүсээр хязгаарлагдана) Элчин сайдын яамны ажлын өдрүүдэд 11:30-аас 12:00 цагийн хооронд цаг захиалах шаардлагагүйгээр хүлээн авах болно. Садан төрлийг нотлохын тулд иргэний үнэмлэх болон тухайн тохиолдлоос шалтгаалан гэрлэлт, садан төрөл, төрсний бүртгэл зэргийн аль нэг гэрчилгээтэй ирэх шаардлагатай.
Эрх зүйн зохицуулалтын хүрээнд ЕХ/ЕЭЗБ-ийн иргэдийн гэр бүлийн гишүүдэд бичиг баримт бүрдүүлэхэд нь хялбаршуулсан горимыг тусгасан байдаг. Аялал жуулчлалын визний бичиг баримтын жагсаалтыг эндээс, гэр бүлтэйгээ эргэн нэгдэх визний бичиг баримтын жагсаалтыг эндээс үзнэ үү (жич: ЕХ/ЕЭЗБ-ийн гишүүний гэр бүлээ нэгтгэх виз мэдүүлэгч нарт богино хугацааны аялал жуулчлалын виз олгох бөгөөд Итали Улсад очсоны дараа холбогдох цагдаагийн газраас оршин суух зөвшөөрлөө мэдүүлж авна).
Таны садан төрлийн холбоо үнэ төлбөргүй виз авах төрөлд орж байгаа эсэхийг энэхүү хуудасны доор байрлах хэсгээс авна уу.
5.ЯМАР ТОХИОЛДОЛД ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ШЕНГЕНИЙ ВИЗ МЭДҮҮЛЭХ ВЭ?
Шенгений виз мэдүүлэгч нар нь дараах тохиолдолд Итали Улсын Элчин сайдын яаманд визээ мэдүүлж болно.
- Хэрэв Итали Улс нь аяллын цор ганц чиглэл бол
- Хэрэв аяллын үеэр нэгээс дээш тооны Шенгений улс орноор зорчих бөгөөд зорчих хугацаа болон зорилгын хувьд аяллын гол чиглэл улс орон нь Итали Улс бол
- Хэрэв аяллын гол чиглэл улс орныг 1. болон 2.-т заасан шалгуурын дагуу тодорхойлох боломжгүй бөгөөд Шенгений нутаг дэвсгэр лүү нэвтрэхийг зорьж буй эхний улс орон нь Итали Улс бол
6.ВИЗ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ?
Визний төлбөрийг цонхон дээр суугаа ажилтан буруугаар ангилан авснаас бусад тохиолдолд буцаан олгогдохгүй болно.
Визний төлбөрийн дүнг “улирал тутмын консулын ханш”-тай уялдуулан төгрөгөөр тооцоолж хүснэгтээр танилцуулдаг ба уг дүн нь улирал бүрийн сүүлчээр өөрчлөгддөг. Төлбөрийг Элчин сайдын яаманд шууд бэлнээр хийнэ.
ҮНДСЭНИЙ ВИЗ (ТӨРӨЛ “D”): 116 евро / СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ҮНДЭСНИЙ ВИЗ: 50 евро – төлбөрийг төгрөгөөр хийнэ.
ШЕНГЕНИЙ ВИЗ (ТӨРӨЛ “C”): 90 евро – төлбөрийг төгрөгөөр хийнэ.
– 6-аас 12 хүртэлх насны хүүхэд: 45 евро – төлбөрийг төгрөгөөр хийнэ.
– Европын холбоо визний хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулсан улс орнуудын иргэдэд: 35 евро (төлбөрийг төгрөгөөр хийнэ). Аль улс орнууд уг жагсаалтад багтдаг талаарх мэдээллийг Европын комиссын цахим хуудаснаас авна уу.
Өнөөдрийн ханшийн дагуу төгрөгөөр төлөх үнийн дүнг шалгахыг хүсвэл энэхүү хүснэгтэд хандана уу.
Дараах ангилалд багтах хүмүүсээс визний төлбөр авахгүй болно.
- 6-аас доош насны хүүхэд
- Суралцах эсвэл боловсролын арга зүйн сургалтанд оролцохоор зорчиж буй сургуулийн сурагчид, оюутнууд, аспирантууд болон дагалдан яваа багш нар
- Шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор хамтын нийгэмлэг дотор зорчих гуравдагч орны судлаач нарт гишүүн орнууд богино хугацааны нэгдсэн виз олгох асуудлыг хөнгөвчлөх зорилгоор гаргасан Европын парламент болон Зөвлөлийн 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2005/761/EC зөвлөмжид тодорхойлсон шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор зорчих гуравдагч орны судлаач нар
- ашгийн бус байгууллагаас зохион байгуулж буй семинар, хурал, спорт, соёл, боловсролын арга хэмжээнд оролцож буй ашгийн бус байгууллагын 25 ба түүнээс доош насны төлөөлөгч
- 2004/38/CE захирамж болон Итали Улсын 2007 оны хууль тогтоох 30 дугаар тогтоолд заасны дагуу ЕХ/ЕЭЗБ-ийн улс орны иргэний гэр бүлийн гишүүд ЕХ/ЕЭЗБ-д байдаг төрөл садантайгаа хамт явах эсвэл тэдтэйгээ эргэн нэгдэх үед
а) эхнэр/нөхөр;
б) түнш (иргэний холбоог нэгтгэсэн тохиолдолд хүлээн авагч улсын хуулийг гэрлэлттэй харьцуулж, хүлээн авагч улсын хуулийг зөрчөөгүй);
в) 21 нас хүрээгүй өөрийн эсвэл асран хамгаалдаг хүүхэд болон эхнэр/ нөхөр эсвэл (ижил хүйсийн) иргэний холбооны бүртгэлтэй гэр бүлийн хүний хүүхэд
г) асран хамгаалдаг өөрийн эцэг эх, өвөө эмээ болон эхнэр/ нөхөр эсвэл (ижил хүйсийн) иргэний холбооны бүртгэлтэй гэр бүлийн хүний эцэг эх, өвөө эмээ
7. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГТ ХАРИУ ӨГӨХ ХУГАЦАА
Шенгений визний хувьд эрх зүйн орчин нь (Шенгений визний дүрмийн 23 дугаар зүйлийн дагуу) визний мэдүүлгийг 15 хүртэлх хоногийн хугацаанд боловсруулж хариуг нь өгөхөөр заасан байдаг бөгөөд энэ хугацааг 45 хоног болгон сунгах боломжтой юм.Үндэсний визний хувьд хариу өгөх хугацаа нь 90 хүртэл хоног, гэр бүлтэйгээ эргэн нэгдэх болон хөдөлмөр эрхлэх визний хувьд 30 хүртэл хоног, хувиараа хөдөлмөр эрхлэх визний хувьд 120 хоног хүртэл байдаг.
Визний мэдүүлгээ хангалттай хугацааны өмнө (явах өдрөөс багадаа 15 хоногийн өмнө) гаргахыг зөвлөж байна. Визний мэдүүлгийг төлөвлөсөн аяллын өдрөөс дээд тал нь зургаан сарын өмнө гаргаж болно. Мөн визний хүчинтэй байх дээд хугацаа нь паспортын хүчинтэй байх хугацаанд хязгаарлагддаг тул паспортынхаа хүчинтэй хугацаа хэзээ дуусаж байгаад анхаарал хандуулна уу.
8.НЭМЭЛТ ТОДРУУЛГА:
Виз авсан нь Шенгений бүсэд нэвтрэх эрхийг автоматаар олгохгүй болно
Виз мэдүүлэгч нарт виз олгосон явдал нь Шенгений бүсэд нэвтрэх эрхийг автоматаар олгохгүй бөгөөд Шенгений бүсийн гадаад хил дээр ирэхэд болон бусад шалгалтын үеэр виз эзэмшигчээс өөрийн санхүүгийн боломж, Шенгений бүсэд зорчихоор төлөвлөж буй хугацаа, аяллын зорилгын талаар мэдээлэл өгөхийг шаардаж болохыг сануулж байна.
Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн баримт бичгийн хуулбарыг (урилга, зочид буудал, нислэгийн захиалга эсвэл аяллын зорилгоо нотолсон бусад бичиг баримтыг) биедээ авч явахыг зөвлөж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Шенгений хилийн дүрмийн 5 дугаар зүйлээс үзнэ үү (холбоос).
Виз олгохоос татгалзсан бол яах вэ
Визний мэдүүлэгтэй холбоотой аливаа сөрөг шийдвэрийг мэдүүлэг гаргагч нарт мэдэгдэх бөгөөд татгалзсан шалтгааныг татгалзсан тухай шийдвэрт тусгана. Мэдүүлэгтээ татгалзсан хариу авсан хүн аливаа дутуу бичиг баримтаа нэгтгэн шинээр виз мэдүүлэх эсвэл давж заалдах эрхтэй. Давж заалдах аливаа гомдлыг татгалзсан тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор өмгөөлөгчийн туслалцаатайгаар Лацио мужийн Захиргааны хэргийг шүүхэд гаргана. Давж заалдах гомдол гаргасныг талаар эрх бүхий “Avvocatura dello Stato” (буюу төрийн өмгөллийн алба)-нд мэдэгдсэн ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд (Иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйл, Хааны 1933 оны 1611 дүгээр зарлигийн 11 дүгээр зүйлд үндэслэн) хүчингүйд тооцно
Зөвхөн гэр бүлийн зорилгоор мэдүүлсэн виз мэдүүлэгт давж заалдах гомдлыг Италид амьдардаг гэр бүлийн гишүүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд гаргах ёстой.
Шенгений визийг хэрхэн зөв ашиглах вэ (“С” төрлийн)
Шенгений виз нь Шенгений бүсийн орнуудад зорчих эрхийг олгодог. Та Шенгений бүсэд зөвхөн виз дээр заасан өдрийн хугацаагаар зорчих боломжтой бөгөөд үүнийг зөвхөн “from”-“until” (буюу хүчинтэй хугацаа) гэж заасан хугацаан дотор ашиглах ёстой. “Duration of stay … days” гэсэн нь Шенгений нутаг дэвсгэрт нэвтэрсэн өдрөөс эхлэн Шенгений бүсэд зорчиж болох өдрийн тоог заана (орсон, гарсан тамганы дардас дээр үндэслэн тооцно). Тодорхой уян хатан байдлыг хангах үүднээс “from”-“until” (буюу хүчинтэй хугацаа) гэж заасан хугацаа нь “Duration of stay … days”(буюу зорчих хугацаа) -аас илүү урт байж болно. Гэсэн хэдий ч, та Шенгений бүсэд “Duration of stay … days”(буюу зорчих хугацаа) гэсэн хэсэгт заасан өдрөөс илүү хоног зорчиж болохгүй. Цаашилбал, та “until” (буюу хүчинтэй хугацааны эцэс) гэсэн хэсэгт заасан огнооноос илүү зорчиж болохгүй болно.
Хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн давтамжийн тоо нь нэг, хоёр болон олон удаа байж болно. Шенгений бүсэд өндөр давтамжтай зорчих шаардлагатай иргэд олон жилийн олон удаагийн нэвтрэх эрхтэй виз мэдүүлэх боломжтой.
Олон удаагийн нэвтрэх эрхтэй виз эзэмшигч нар журмын дагуу Шенгений бүсэд аливаа 180 хоногийн хугацаанд дотор дээд тал нь 90 хүртэлх хоног зорчих боломжтойг сануулж байна.
Зөвшөөрсөн “хугацаагаа хэтрүүлэх”-ээс зайлсхийх, ашигласан өдрүүдээ харьцуулан хэдэн өдөр үлдсэнийг мэдэхийн тулд энд дарж Европын Комиссоос (лавлагаа болгон) бэлтгэсэн тооцооллын системийг ашиглах боломжтой.
Италийн үндэсний визийг хэрхэн зөв ашиглах вэ (“D” төрлийн)
Итали Улсын үндэсний визээр Итали Улсад ирсэн бол өөрийн оршин суух газрын эрх бүхий цагдаагийн газарт ажлын 8 өдрийн дотор оршин суух зөвшөөрөл хүссэн мэдүүлгээ гаргах шаардлагатай. Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь визэнд заасан хугацаатай таарсан байна. Оршин суух зөвшөөрлийг Итали Улсад шууд сунгуулна хэрэгтэй. Эрх бүхий цагдаагийн газрыг тодорхойлохын тулд энэхүү цахим хуудсыг үзнэ үү.
Нэмэлт мэдээлэл
Дэлгэрэнгүй мэдээллийг Итали Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны цахим хуудас болон Европын комиссын цахим хуудаснаас авна уу.
Итали Улс болон Шенгений бүсэд нэвтрэх виз олгох зорилгоор цуглуулсан хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотойгоор хувь хүний мэдээллийг хамгаалах талаарх мэдээлэл